Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-15 13:48:00

ИСТАНБУЛ. /TRT Haber/. Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дууслаа гэж “TRT Haber” телевиз мэдээлжээ.


Тус телевизээр санал хураалтын урьдчилсан дүнгээс эш татан мэдээлж байгаагаар, Туркийн одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган сонгогчдын 49.24 хувь, түүний гол өрсөлдөгч Кемал Кылычдароглу 45.06 хувийн санал авсан байна. Эхний шатанд ялахын тулд нэр дэвшигчид 50-иас дээш хувийн санал авах ёстой юм. 


"АТА" эвслээс нэр дэвшигч Синан Оган 5.28 хувийн саналаар гуравдугаарт оржээ. Тэрбээр хоёр дахь шатны сонгууль явуулсан тохиолдол хэнийг дэмжихээ хараахан зарлаагүй байна. Сонгуулийн эцсийн дүнг Туркийн сонгуулийн дээд хороо зарлах бөгөөд хоёр дахь шатны сонгуулийн талаар мөн шийдвэрээ гаргана.


Сонгуулийн хороо 53.9 сая санал хуудаснаас 1.21 сая гаруйг нь хүчингүйд тооцжээ. Сонгуулийн ирц 88.8 хувиас давсан байна. Гадаадын орнуудад саналын хуудас тоолох ажил үргэлжилж байна.


Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат тавдугаар сарын 14-нд болсон. Төрийн тэргүүний албан тушаалын төлөө тус улсын одоогийн Ерөнхийлөгч өдгөө 69 настай Эрдоган, сөрөг хүчний нэр дэвшигч 74 настай Кылычдароглу, "АТА" эвслээс нэр дэвшигч 55 настай Синан Оган гэсэн гурван хүн өрсөлдөж байгаа юм. Дөрөв дэх нэр дэвшигч болох “Memleket” намын дарга Мухаррем Инже сонгууль болохоос гурав хоногийн өмнө нэрээ татжээ. 


Связанные новости