ОХУ, Украин, Турк, НҮБ хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-12 11:38:30

АНКАРА. /Anadolu/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх асуудлаар ОХУ, Украин, Турк, НҮБ-ын хооронд хийж буй хэлэлцээг техникийн түвшинд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай Туркийн Батлан хамгаалах яам Истанбулд хоёр өдөр үргэлжилсэн талуудын хэлэлцээний дараа мэдэгдсэн байна. 


"Украин, ОХУ, НҮБ-ын оролцоотойгоор Истанбул хотноо зохион байгуулсан хоёр талын болон олон талын уулзалтын хүрээнд талууд ирэх хугацаанд үр тарианы санаачилгыг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд Турк улсад хийсэн хэлэлцээг техникийн түвшинд үргэлжлүүлж, дөрвөн талт хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. 


Үр тарианы гэрээний асуудлаарх хоёр өдрийн хэлэлцээг үр дүнтэй болсон гэж Туркийн Батлан хамгаалах яам үзэж байна. “Хоёр өдөр талууд ажил хэрэгч, үр өгөөжтэй уулзалтууд хийлээ. Мөргөлдөөний улмаас Украины боомтуудад гацсан манай худалдааны хөлөг онгоцуудыг буцаах ажлыг зохицуулах тухайд талууд (ОХУ, Украин) энэ ажиллагааг төлөвлөх, явуулах талаар нааштай хандлага илэрхийлэв. Үүнээс гадна, энэхүү ажиллагаа нь бусад орны хөлөг онгоцуудыг Украины боомтуудаас буцаахад жишиг болно гэдэгт санал нэгдэв” гэж тус яам мэдэгдэлдээ дурджээ.

Связанные новости