ӨВӨРХАНГАЙ: Коронавирусний шинэ хувилбар дахин тархаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Коронавирусний шинэ хувилбар олон нийтийн дунд тархаж эхэлснийг аймгийн Эрүүл
мэндийн газраас мэдээллээ.
Өвөрхангай
аймгийн хувьд 2023 он гарсаар коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй. Гэвч
өнгөрөгч 7 хоногт БОЭТ-д хийсэн коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр
8, ПГУ шинжилгээгээр 4 тохиолдол батлагдсан байна.
Одоогоор
Халдвартын тасагт 6 хүн коронавирусний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Улсын
хэмжээнд коронавирусний омикрон хувилбарын шинэ дэд хувилбар сүүлийн 7 хоногт
эрчимжиж, 17 тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар энэ
вирус нь халуурах, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, ядрах сульдах
зэрэг шинж тэмдгүүдээр илэрч, архаг хууч өвчтэй, 46-аас дээш насны хүмүүс, бага
насны хүүхдүүдэд хүндээр тусч байгаа аж.
Иймд
мэргэжлийн байгууллагаас иргэдэд хандан олон нийтийн газар амны хаалтаа тогтмол
зүүх, гарын ариун цэврийг чандлан сахихыг зөвлөж байна.