Д.Батлут: НД-ын болон ЭМД-ын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-02 10:48:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Батлут өнөөдөр УИХ-аас баталсан "Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай" хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Өнөөгийн нөхцөлд малчин тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч тогтмол орлогогүйгээс шалтгаалж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх асуудал үүсдэг аж. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөх бололцоо бүрдсэн болохыг Д.Батлут гишүүн хэлсэн юм.

Өндөр насны тэтгэврийн хувьд малчин нь нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой.

УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй. Тухайлбал, 

1. 2020 онд 46828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91977 малчинд 31.7 тэрбум төгрөг олгосон.  

2. 2020 оноос шийдвэр гарч, сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгох болсон.  2020 оны арваннэгдүгээр сараас эхлээд 2021 оны гуравдугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6516 малчин, мал бүхий этгээдэд  4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна. 

3. Тариалангийн тухай хуулийг үндэслэн, 2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгосон.

4.Арьс ширний урамшуулалд 2020 онд 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон байна.


Түүнчлэн тухайн иргэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ урамшууллаасаа суутган төлөхөөр болсон тохиолдолд зөвхөн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн хамруулах аж.

Связанные новости