Австрали улс батлан хамгаалахын салбартаа томоохон шинэчлэлийг эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА. /AFP/. Австралийн эрх баригчид батлан хамгаалахын салбартаа сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том шинэчлэлийг эхлүүлж, Зэвсэгт хүчнээ учирч болзошгүй аливаа аюул заналыг тогтоон барих чадвартай байлдааны хүчин болгохоо амлав.
Тодруулбал, тус улсын Батлан хамгаалахын сайд Ричард Марлес аюулыг хол байлгахын тулд пуужин, шумбагч онгоц, кибер хэрэгслийг ашиглан алсаас тогтоон барих үйл ажиллагаа руу хатуу шилжилт хийхийг уриалсан стратегийн тоймыг даваа гарагт танилцуулсан байна.
“Өнөөдөр бид 35 жилийн хугацаанд анх удаа Австралийн Батлан хамгаалах хүчний үүрэг даалгаврыг эргэн харж байна” гэж Марлес хэлсэн байна.
Хятад улс Зэвсэгт хүчнээ зузаатгаж буйг Дэлхийн II дайнаас хойших бүх улс орныхоос хамгийн амбицтай хэмээн тодорхойлсон уг тоймд "цэргийн хурцадмал байдал эсвэл буруу тооцооллын эрсдэл нэмэгдэж байгааг" анхааруулжээ.
Энэхүү аюулын хариуд Австралийн Зэвсэгт хүчний агаар, газар, тэнгисээс цохилт өгөх чадварыг хөгжүүлж, хойд нутгийн баазуудыг бэхжүүлж, нэмж цэрэг элсүүлэх аж.
"Бид тооцооллыг өөрчлөхийг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр болзошгүй түрэмгийлэгч мөргөлдөөний олз ашиг нь эрсдэлээсээ давна гэсэн дүгнэлтэд хэзээ ч хүрэхгүй" гэж тоймд дурдсан байна.
Австрали улс шинэ стратегийнх нь гол хэрэгсэл болох анхааруулга өгөхгүйгээр далавчит пуужингаар хариу цохилт өгөх чадалтай, радарт үл үзэгдэгч цөмийн шумбагч онгоц бүтээх төлөвлөгөө хэдийнээ зарласан билээ.