Алеппод хлорын хий ашиглан халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-07 12:41:09

АЛЕППО. /VOA/. Сирийн засгийн газрын хүчнийхэн хлорын хий ашиглан дайралт хийсэн гэж аврах албаны ажилтнууд мэдэгдлээ. Тус улсын Алеппо хотод мягмар гарагт наад зах нь 70 орчим хүн амьсгалын замын асуудлын улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Сөрөг хүчний хяналтад байдаг Суккари дүүрэгт хлорын хий агуулсан хэд хэдэн торхыг засгийн газрын нисдэг тэрэгнээс хаясан байна.

Их Британид төвтэй “Syrian Observatory for Human Rights” хүний эрхийг хамгаалах ТББ мөн мэдэгдэхдээ “Суккари дүүрэгт торхтой бөмбөг хаясан” гэсэн юм.

Химийн халдлага үйлдсэн гэж өнгөрсөн таван жилийн хугацаанд Сирийн засгийн газрын хүчнийхэн болон босогчид бие биенийгээ харилцан буруушаасаар ирсэн билээ.

Харин олон улсын шинжээчдийн өнгөрсөн сард гаргасан тайланд дурдсанаар, Сирийн засгийн газрын хүчнийхэн болон “Лалын улс” бүлэглэлийн босогчдын аль аль нь химийн халдлага үйлджээ.

Г.Доржханд

 

Связанные новости