Д.Песков: Э.Макроны төлөвлөгөөний талаар Кремль мэдээлэлгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-19 08:45:50

МОСКВА. /Anadolu/. Орос, Украины хооронд хийх хэлэлцээнд Хятадтай хамтран бэлтгэх Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны төлөвлөгөөний талаар Кремль мэдээлэлгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ. 


Кремлийн төлөөлөгчийн хэлснээр, Францын ийм төлөвлөгөө байгаа эсэхийг Оросын тал мэдэхгүй байгаа аж. 


"Хятадад хийсэн айлчлалын үеэр Францын тал зарим саналыг илэрхийлсэн тухай мэдээлэл байсан боловч өнөөг хүртэл тодорхойгүй байна" гэж Д.Песков мэдэгджээ.


Францын Ерөнхийлөгч Э.Макрон Хятадад айлчлах үеэрээ тус улсын дарга Ши Жиньпинд Украины мөргөлдөөнийг зохицуулахад Бээжингийн зуучлалд найдаж байгаагаа хэлсэн гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн. 


Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мөн Бразилын төрийн тэргүүн Луис Инасиу Лула Да Силвагийн Украины мөргөлдөөнийг зохицуулах санаачилгад дүгнэлт өгөхөд одоогоор эрт байна гэж мэдэгджээ. 


Д.Песков түүнчлэн Орост нэгтгэсэн Украины Херсон, Луганск мужид хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалд тайлбар өгсөн байна. 


Ерөнхийлөгч төв штабуудыг биечлэн шалгаж, "тусгай ажиллагааны явцын талаар газар дээр нь мэдээлэл авах нь чухал" байгаа тул “шинэ бүс нутгуудад” айлчилж байна гэж Кремлийн төлөөлөгч хэлжээ.


В.Путин даваа гарагт Херсон чиглэлийн “Днепр” бүлэглэлийн цэргийн штаб болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс дахь “Восток” үндэсний гвардийн штабт очсон байна.

Связанные новости