Энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг Мьянмарын цэргийнхэнд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-13 14:18:05

БАНГКОК. /AP/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) Мьянмарын Сикайн мужийн нэгэн тосгонд тус улсын цэргийн эрхтнүүд агаарын цохилт өгснийг буруушааж, хүчирхийллийн бүх хэлбэрийг, тэр дундаа энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг шаарджээ. Тус холбооноос пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна.


"Мьянмарын Зэвсэгт хүчин хэдхэн хоногийн өмнө Сикайн мужийн нэгэн тосгонд агаараас цохилт өгснийг АСЕАН эрс буруушааж байна. Хүчирхийллийн бүх хэлбэр, ялангуяа энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг нэн даруй зогсоох ёстой" гэж мэдэгдэлд цохон тэмдэглэээд энэ нь Мьянмарт энх тайвны шийдлийг олоход чиглэсэн үндэсний хэмжээнд хүртээмжтэй яриа хэлэлцээ хийх таатай орчныг бүрдүүлэх цорын ганц арга зам юм" гэж онцолжээ.


Түүнчлэн “Таван заалт бүхий зөвшилцөл”-ийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар одоог хүртэл үргэлжилж буй хямралыг даван туулах, урт хугацааны шийдэл олоход Мьянмарт үргэлжлүүлэн туслах АСЕАН-ы амлалтыг дахин нотолсон байна”.


2021 оны дөрөвдүгээр сард АСЕАН-ы орнууд, түүний дотор Мьянмар улс "Таван заалт бүхий зөвшилцөл"-ийг хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. Энхтайван тогтоох энэхүү төлөвлөгөөнд хүчирхийллийг нэн даруй зогсоохыг, мөн цэргийнхэн болон сөрөг хүчний хөдөлгөөн хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг уриалжээ.


Мьянмарын цэргийнхэн Сикайн мужийн нэгэн тосгонд агаараас цохилт өгсний улмаас 100 орчим хүн амиа алдсан гэж “Associated Press” агентлаг дөрөвдүгээр сарын 11-нд мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, эрх баригчдыг эсэргүүцэгчдийн зохион байгуулсан ёслолын ажиллагаанд оролцогчдод цохилт өгсөн байна. Хожим нь Мьянмарын цэргийнхэн энэ нутагт дахь террористуудын байрлалд цохилт өгсөн гэж мэдэгдэж, агаарын цохилт өгсөн гэдгээ баталжээ. 


Связанные новости