Хунтайж Харри III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-13 12:20:22

ЛОНДОН. /BBC/. Суссексийн гүн Харри Их Британийн хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд оролцоно, харин гүнгийн ахайтан Меган оролцохгүй гэж Букингемийн ордон мэдэгдэв.


Харри, Меган нар ёслолын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар янз бүрийн таамаглал гараад байсан ч хунтайж Харри ганцаараа оролцохоор болсон нь ийнхүү тодорхой болж байна.


Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-ны өдөр болох ёслолд 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцоно.


Хунтайж Харригийн хувьд дуулиан тарьсан “Spare” дурсамж номоо хэвлүүлж уншигчдийн хүртээл болгосноос хойш хааны удмын гэр бүлийнхэнтэйгээ олны өмнө анх удаа гарах гэж буй нь энэ юм.


Тэрбээр номдоо хааны гэр бүлийн бусад гишүүдтэй хэрхэн маргалдаж зөрчилддөг байснаа илэн далангүй дэлгэсэн юм. Харин Меган ёслолд оролцох урилгыг хүлээн авахаас татгалзсанаас харахад гэр бүлийн шийдэгдээгүй маргаан үргэлжилсээр байгаа бололтой.

Связанные новости