АНУ, Филиппин батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Филиппин болзошгүй аюул заналыг тогтоон барих, хариу арга хэмжээ авах зорилгоор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.
Энэ тухай мягмар гарагт Вашингтонд "2+2" хэлбэрээр хийсэн уулзалтын дараа баталсан хоёр улсын Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
“Сайд нар Номхон далайд, тэр дундаа Өмнөд-Хятадын тэнгист гарч болзошгүй гаднын зэвсэгт халдлагаас хамгаалах нэгдмэл шийдвэртэй байгаагаа дахин нотоллоо. Хамтарсан тогтоон барих арга хэмжээг бэхжүүлэхийн тулд АНУ-Филиппиний хамтын ажиллагааг шинэчлэх амлалтаа мөн дахин нотлов. Хоёр тал янз бүрийн салбарт учирч болзошгүй аюул заналын шинж чанар болон үр дүнтэй хариу арга хэмжээний талаар үргэлжлүүлэн ярилцана гэж найдаж байна" гэж Төрийн департаментын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
АНУ, Филиппиний сайд нар мөн хэд хэдэн чиглэлээр үүрэг хүлээжээ. Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, хоёр улс хямралын нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авахад шаардлагатай "хоёр талын төлөвлөлт ба хамтын ажиллагааны чадвар"-ыг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Энэ зорилгоор хамтарсан сургуулилалтууд болон бусад хамтарсан арга хэмжээг зохион байгуулна. Манила, Вашингтон мөн "хамтарсан батлан хамгаалах чадавхыг", ялангуяа далай тэнгисийн салбарт шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд "Филиппиний Агаарын цэргийн хүчинд зориулж, олон талын зориулалттай сөнөөгч онгоц" авах төлөвлөгөөг түргэтгэх асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон байна.
Талууд "далай тэнгисийн хамтарсан үйл ажиллагааг", тэр дундаа Өмнөд-Хятадын тэнгист дахин эхлүүлэх төлөвлөгөөг эцэслэн боловсруулахаар төлөвлөж байгааг мэдэгдэлд тэмдэглэжээ. Түүнчлэн "АНУ, Филиппиний эвсэлд ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тулгарч буй гол сорилтууд”-ын талаар мэдээлэл солилцох ажлыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.