К.Фүмио Африкийн орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-11 16:57:00

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх сард Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Египет, Гана, Кени, Мозамбикт энэ сарын эцсээр эхлэх “алтан долоо хоног”-ийн амралтын үеэр айлчилна гэж тус улсын Засгийн газар мэдээлэв.


Дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Африкийн томоохон орнуудтай хамтран ажиллахаа нотлох нь энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Японы хувьд “чухал ач холбогдолтой” гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт сонгогдсон тойрогт нь болох цаг мөч ойртож байгаа энэ үед К.Фүмио “Дэлхийн өмнөд хэсэг” буюу экваторын өмнөд хэсэгт орших хөгжиж буй орнуудтай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.


2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтолж эхэлснээс хойш хөгжиж буй олон улс орон, тэр дундаа Африкийн орнууд аль нэг талыг дэмжихээс зайлсхийхийг хичээсээр ирсэн. М.Хироказү Японы Ерөнхий сайдын тус тивд хийх айлчлалын маршрутын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Японд дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэнд болдог бүх нийтийн баярын амралтын өдрүүдийг "алтан долоо хоног" гэж нэрлэдэг. 

Связанные новости