БНСУ, АНУ, Япон батлан хамгаалахын гурван талын хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-11 11:47:24

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ, Япон энэ долоо хоногийн сүүлээр АНУ-д батлан хамгаалахын гурван талын хэлэлцээ хийнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж даваа гарагт мэдээлжээ.


Дэд сайдын түвшний батлан хамгаалахын гурван талын хэлэлцээ баасан гарагт болно гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Ийм хэлэлцээг хамгийн сүүлд 2020 онд цахимаар хийж байжээ.


Талууд БНАСАУ-аас учрах цөмийн болон пуужингийн аюул заналтай тэмцэхийн тулд пуужингийн сэрэмжлүүлгийн мэдээллийг цаг тухайд нь солилцох арга замын талаар хэлэлцэх төлөвтэй байна.


БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлүүдийн улмаас, тэр дундаа цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шумбагч дрон туршсан, “Hwasan-31” тактикийн цөмийн цэнэгт хошуугаа үзүүлсэн зэрэгтэй холбоотойгоор хурцадмал байдал өсөн нэмэгдээд байгаа үед энэ уулзалт болно.


Сөүл дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн хохирогчдод нөхөн төлбөр олгохтой холбоотой асуудлыг шийдэх саналаа танилцуулснаас хойш Вашингтон Азийн хоёр холбоотонтойгоо гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болоод байна.


Батлан хамгаалахын гурван талын хэлэлцээнээс өмнө Сөүл, Вашингтон батлан хамгаалахын асуудлаарх ээлжит хэлэлцээгээ АНУ-ын нийслэл хотод мягмар, лхагва гарагт хийх ажээ. 

Связанные новости