БНАСАУ Солонгос хоорондын дуудлагад дөрөв дэх өдрөө хариу өгсөнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ өнөөдөр Солонгос хоорондын холбоо тогтоох шугам, цэргийн шууд утсаар дамжуулан БНСУ-тай хийдэг өдөр тутмын дуудлагад дөрөв дэх өдрөө дараалан хариу өгсөнгүй гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгдлээ.
Баасан гаргийн өглөө БНСУ-аас ирсэн дуудлагад хариу өгөхөө больсноосоо хойш БНАСАУ-ын тал өглөөний 9 цагт дахин хариу өгсөнгүй гэж Сөүлийн Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ. Хоёр Солонгос холбоо тогтоох шугамаар өдөрт хоёр удаа буюу 9:00, 17:00 цагт утсаар ярьдаг. Харин амралтын өдрүүдэд дуудлага хийдэггүй байна.
БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, даваа гарагт цэргийн утсаар хийсэн дуудлагад дөрөв дэх өдөртөө хариу өгөөгүй байна. Умардын тал яагаад өдөр тутмын дуудлагад хариу өгөхгүй байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг, эсвэл БНАСАУ дахь хүний эрхийн асуудлын тухай яамнаас гаргасан сүүлийн
тайланг эсэргүүцэж байгаагаа
илэрхийлэн хариу өгөхөөс санаатайгаар татгалзаж байх магадлалтай байна.
Урьд нь Солонгос хоорондын холбоо тогтоох шугамаар өдөр бүр хийдэг дуудлагад техникийн шалтгааны улмаас хариу өгөхгүй байх тохиолдол гарч байсан. Тухайлбал, Пёньян өнгөрсөн зургаадугаар сард хүчтэй аадар борооны улмаас үүссэн техникийн саатлаас болж дуудлагад хариу өгөөгүй бололтой байв.
БНАСАУ Сөүлийн идэвхтнүүдийн Пёньяныг шүүмжилсэн суртал ухуулгын кампанит ажлыг эсэргүүцэн холбоо барих шугамыг тасалснаасаа хойш жил орчмын дараа буюу 2021 оны долоодугаар сард уг шугамыг сэргээсэн юм. Тус улс мөн тухайн оныхоо наймдугаар сард дахин холбоо барих шугамаар хийсэн дуудлагад хариу өгөөгүй нь Сөүл-Вашингтоны цэргийн сургуулилалтыг эсэргүүцсэнтэй холбоотой гэж үзэж байжээ.