БНХАУ Хадсоны хүрээлэн, Р.Рейганы нэрэмжит номын сангийн эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-07 14:45:48

БЭЭЖИН. /AP/. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин айлчлал хийсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид Америкийн Хадсоны хүрээлэн, Ерөнхийлөгч Рональд Рейганы нэрэмжит номын сангийн эсрэг хориг арга хэмжээ авч байгааг тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ. 


"АНУ-ын тал Хятадын талаас удаа дараа гаргасан дипломат мэдэгдэл, эсэргүүцлийг үл тоомсорлож, Тайванийн бүс нутгийн тэргүүн Цай Инвэнийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохын тулд гуравдугаар сарын 29-31, дөрөвдүгээр сарын 4-6-нд нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн. Тиймээс БНХАУ Хадсоны хүрээлэн, Рональд Рейганы нэрэмжит номын сан болон эдгээр байгууллагыг хариуцсан хүмүүст хариу арга хэмжээ авахаар шийдлээ" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


ГХЯ-ны мэдэгдэж байгаагаар, Хадсоны хүрээлэн болон Р.Рейганы номын сан нь “Цай Инвэньд салан тусгаарлах үйл ажиллагаагаа явуулах талбар гаргаж өгчээ". Ингэснээрээ АНУ нь "БНХАУ-ын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ихээхэн хохирол учруулж, "Нэг Хятад" зарчим, түүнчлэн энэ зарчмын талаар Бээжинтэй хүрсэн  тохиролцоогоо ноцтой зөрчлөө” гэж Хятадын ГХЯ цохон тэмдэглэжээ. 


Хятадын эрх баригчид эдгээр байгууллагын тус улсын боловсролын байгууллагууд болон бусад бүтэц, түүнчлэн хувь хүмүүстэй харилцах эрхийг хассан байна. Үүнээс гадна, Хадсоны хүрээлэнгийн захирал Сара Мэй Стерн, дэд захирал Жон Уолтерс, Р.Рейганы нэрэмжит сангийн тэргүүн асан Жон Хойбуш, тус байгууллагын гүйцэтгэх захирал Жоанна Дрейк нарт хориг арга хэмжээ авчээ. Тэдний Хятад дахь бүх хөрөнгийг битүүмжилж, мөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчих, виз олгохыг хориглох аж.


Связанные новости