Кевин Маккарти Тайваньд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RT/. АНУ Тайваньд зэвсгийн худалдаагаа үргэлжлүүлж, нийлүүлэлтээ цаг тухайд нь хийх ёстой гэж тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэньтэй лхагва гарагт уулзсаныхаа мэдэгджээ.
"Бид Тайваньд зэвсгийн худалдаагаа үргэлжлүүлж, ийм худалдаа Тайваньд цаг хугацаандаа хүрч байгаа эсэхийг шалгах ёстой" гэж тэрбээр хэлсэн байна.
К.Маккарти мөн Вашигтон, Тайбэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа, тэр дундаа технологийн салбарт бэхжүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэжээ.
Цай Инвэньтэй уулзах үеэрээ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга бүс нутагтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж амласан байна. Тэрбээр Тайваньтай өрнүүлэх харилцаа нь "урьд урьдынхаас илүү чухал" бөгөөд харилцаа холбоо нь түүний ой дурсамжид хэзээ ч байгаагүй илүү бат бөх болсон хэмээн нэмж хэлжээ. К.Маккартигийн хэлснээр, АНУ-Тайванийн найрамдал нь бүхий л "чөлөөт ертөнцөд" чухал ач холбогдолтой.
Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь Гватемал, Белиз улсад айлчилсныхаа дараа лхагва гарагт АНУ-аар дамжин арал руу буцахдаа Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзсан байна.
Тус арлыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг Хятад улсын эрх баригчид энэхүү айлчлалыг ээлжит өдөөн хатгалга гэж үзэж байгаа бөгөөд Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдийг шийтгэх шийдэмгий арга хэмжээ авна гэж Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн хэрэг эрхлэх газраас пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.