Э.Макрон төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-05 15:51:33

БЭЭЖИН. /CCTV/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ.  


Дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх айлчлалынхаа үеэр Э.Макрон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянь, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лэзи нартай уулзана. 


Францын төрийн тэргүүн Бээжингээс гадна Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Гуанжоу хотод айлчилна.


БНХАУ-ын дарга, Францын Ерөнхийлөгч нар "Хятад, Франц, Хятад, Европын Холбооны хамтын ажиллагааг "янз бүрийн салбарт гүнзгийрүүлэх талаар" хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин урьд нь мэдээлсэн. Елисейн ордны эх сурвалжийн мэдээлснээр, Францын удирдагч Бээжинд Украины мөргөлдөөн, Франц-Хятадын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн салбарын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. 


Э.Макрон, Ши Жиньпин нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезод болсон "G20" -ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бол Францын удирдагч хамгийн сүүлд 2019 онд Хятадад айлчилсан байна.

Связанные новости