Саудын Араб, Ираны Гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДУБАЙ. /TASS/. Саудын Араб, Ираны Гадаад хэргийн сайд нар болох Фейсал бен Фархан Аль Сауд, Хосейн Амир Абдоллахиян нар пүрэв гарагт Бээжинд уулзана гэж “Asharq Al-Awsat” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтын үеэр хоёр орны дипломат харилцааг сэргээх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах Эр-Рияд, Техран хоёрын цаашдын алхмуудыг хэлэлцэнэ. Үүнээс гадна, Элчин сайдын яамдын үйл ажиллагааг сэргээх асуудлыг хөндөх аж.
Сайд нарын яриа хэлэлцээ Хятадад болж байгаа нь хоёр орны хооронд харилцаа тогтооход Бээжин нааштай үүрэг гүйцэтгэж байгааг баталж байна гэж сонины эх сурвалжуудын нэг онцолжээ. Өнгөрсөн сард талууд Хятадын зуучлалтайгаар харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрсэн билээ. Гадаад хэргийн сайд нарын уулзалтын бэлтгэл ажил гуравдугаар сарын 10-наас хойш удалгүй эхэлсэн байна.
2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений нутагт дэвсгэрт “Ансар Аллах” (хусит) бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг явуулж эхэлснээр Эр-Рияд, Техраны харилцаа хурцадсан. 2016 оны нэгдүгээр сард Эр-Рияд хотод шиит шашны алдартай номлогч Шейх Нимр аль-Нимрийг цаазалсанд дургүйцсэн олон Техран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яам болон Мешхед хот дахь Консулын газар луу дайрсны дараа Саудын Араб Исламын бүгд найрамдах улстай дипломат харилцаагаа тасалсан юм.