Газын зурвасаас Израил руу пуужин харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /AFP/. Мягмар гаргийн орой Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр лүү есөн пуужин харвасан гэж тус улсын армийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, Газын зурвасаас харвасан пуужингуудын дөрвийг нь “Төмөр дээвэр” системээр амдан сөнөөжээ. Түгшүүрийн хоёр дахь дохио дуугарсны дараа Газын зурвасаас дахин дөрвөн пуужин харвасан нь задгай газарт унасан гэж мэдээнд дурдсан байна.
Харин амдан сөнөөж чадаагүй пуужин нь Сдерот хотын аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэр дээр туссан гэж KAN телевизийн суваг мэдээлжээ.
"Al Mayadeen" телевизийн сувгийн мэдээлснээр, Иерусалим хотын Аль-Акса сүмд палестинчууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсны дараа пуужин харвасан байна.
Израилын хүчнийхэн Аль-Акса сүм рүү дайран орж 200 гаруй палестинчуудыг баривчилсан гэж Палестины WAFA агентлаг өнөө өглөө мэдээлжээ. Сүмд болсон мөргөлдөөний үеэр хэдэн арван палестин гэмтэж бэртсэн гэж тус агентлаг мэдээлсэн байна. Израилын энэхүү ажиллагааг Иордан, Египет улс буруушаажээ.
Израил, Палестины төлөөлөгчид лалын шашинтнуудын ариун Рамадан сарын үеэр мөргөлдөөнийг хурцатгахгүй байх үүднээс өнгөрсөн сард хоёр ч удаа уулзсан байна.