Израил, Палестины төлөөлөгчид хурцадмал байдлыг намжаахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АММАН. /DW/. Палестины нутаг дэвсгэрт хүчирхийлэл дахин хурцадсантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзлаа.
Талууд өмнө нь гарын үсэг зурсан бүх хэлэлцээрийг дагаж мөрдөж, шударга ёс, энх тайвныг ашид тогтоохын төлөө ажиллахаар тохиролцож, хурцадмал байдлыг намжааж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв гэж Йорданы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах уулзалт Улаан тэнгисийн эрэг дээрх Акаба боомт хотод хоёрдугаар сарын 26-ны ням гарагт болжээ. Энэ хооронд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху террористуудад цаазаар авах ял оноох тухай хуулийн төслийг санаачилсан байна.
Уулзалтын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан “AFP” агентлагийн мэдээлснээр, хэлэлцээнд Палестины тагнуулын албаны дарга Мажед Фараж, Израилын дотоодын тагнуулын байгууллагын дарга Ронен Бар, АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан зөвлөх Бретт Макгурк, мөн Йордан, Египетийн төлөөлөгчид оролцжээ.
Израилын хоёр энгийн иргэн амиа алдав
Сүүлийн хэдэн сар Палестины нутагт палестинчууд болон Израилын цэргүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байгаа юм. Хоёрдугаар сарын 26-нд Иордан голын Баруун эргийн хойд хэсэгт Израилын хоёр энгийн иргэн амиа алджээ. Амиа алдсан хоёр иргэн нь 20, 22 настай ах дүүс байсан бөгөөд Палестины Наблус мужаас өмнө зүгт орших Хавара хотын шалган нэвтрүүлэх цэгт машиндаа буудуулж, шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нар уг хоёр иргэн нь "палестинчуудын халдлагад" өртөж амиа алдсан гэж мэдэгджээ.
Израилд террористуудад цаазын ял оноож магадгүй
Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, тус улсын Засгийн газар террорист ажиллагаа явуулсан хүмүүст цаазаар авах ял оноох хуулийн төсөл санаачилсан байна. Хуулийн төсөлд зааснаар, "Израилын иргэний амь насыг санаатай эсвэл санамсаргүй хөнөөсөн хүмүүст, хэрэв гэмт хэргийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах сэдлээр эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг үзэн ядах зорилгоор үйлдсэн бол", түүнчлэн "Израил улс болон еврей ард түмний эх нутагтаа сэргэн мандах явцад хор хөнөөл учруулах зорилгоор үйлдсэн бол” ялын дээд хэмжээ оноож болно.
Нетаньяху, Бен-Гвир нар уг хуулийн төслийг хамгаалсан байр сууриа илэрхийлжээ. Өмнө нь Израилын Ерөнхий прокурор Гали Бахарав-Миара энэ хуулийн төслийг эсэргүүцэж, Үндсэн хуульд нь нийцэж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.
Израил, Палестин хоорондын хурцадмал байдал
Хоёрдугаар 22-нд Израилын цэргүүд Иордан голын Баруун эргийн Наблус хотод ажиллагаа явуулжээ. Уг ажиллагааг Баруун эрэгт үйлдсэн халдлагад холбоотой Палестины хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдийн төлөөлөгчдийг баривчлах зорилгоор явуулсан гэж Израилын Батлан хамгаалах арми (ЦАХАЛ) мэдэгджээ. Ажиллагааны үеэр гурван сэжигтэн бууж өгөхөөс татгалзаж, Израилын цэргүүд рүү гал нээсэн боловч буудалцааны үеэр амиа алдсан гэж ЦАХАЛ тайлбар хийсэн байна. Харин Палестины талын мэдэгдсэнээр, доод тал нь 11 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ. “AFP” агентлагийн тэмдэглэснээр, энэ ажиллагаа 2005 оноос хойш Израилын армийн Баруун эрэгт явуулсан ажиллагаануудаас хамгийн их цус урсгасан ажиллагаа болсон байна.
Бүс нутгийн байдал ийнхүү хурцадсанд түгшиж буйгаа олон улсын хамтын нийгэмлэг илэрхийлж, хурцадмал байдлыг намжаахыг уриалсан юм. Тухайлбал, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд хурцадмал байдлыг намжаахыг талуудад уриалжээ.