БНСУ АНУ-ын зохион байгуулдаг кибер сургуулилалтад анх удаа оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Кибер орон зайд зохион байгуулдаг АНУ-ын “Cyber Flag” олон талын сургуулилалтад БНСУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид анх удаа оролцоно гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Америкийн Виржини муж улсад болох сургуулилалтад Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд зэрэг нийт 25 орны төлөөлөгчид оролцох аж. БНСУ-аас уг сургуулилалтад кибер командлалын төлөөлөгчдийг оруулаад 18 хүн оролцоно гэж мэдээлж байна.
“Cyber Flag” сургуулилалтыг кибер орон зайд аюул заналыг няцаах АНУ болон тус улсын холбоотнуудын бэлэн байдлыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. Энэ онд уг сургуулилалт 10 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд болно.
"Энэхүү сургуулилалт нь оролцогч орнуудад улс орнууд болон Зэвсэгт хүчнүүдэд учирч болзошгүй кибер аюулын талаар мэдээлэл солилцох, хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээг боловсруулах, кибер довтолгооноос хамгаалах ажиллагааны үр дүнг шалгах боломжийг олгодог” гэж БНСУ-ын БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
“Cyber Flag” сургуулилалтын хүрээнд мөн сургалт, семинар зохион байгуулах аж.
"АНУ, БНСУ-ын кибер командлалууд кибер салбарт харилцан хамтын ажиллагаа, олон улсын сургуулилалт явуулахын ач холбогдлын талаар эртнээс нэгдсэн ойлголтод хүрсэн" гэж Сөүл онцолжээ.