"Эрдэнэс Монгол" гурван жилийн дотор улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ“Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан тус компанийн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын талаар тайлагнан мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой.
Өнөөдрийн байдлаар тус компанийн охин болон харьяа компаниуд 10000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. “Эрдэнэс Монгол” компани нь үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Темасек холдинг, Женерал Электрик, Рио Тинто, Би Эч Пи Биллитон зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын стратеги, үйл ажиллагааны загваруудад суурилж “Эрдэнэс Монгол” компанийн бизнесийн загварыг төгөлдөршүүлэхэд зайлшгүй шаардлагатай стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийг 2015 оноос үе шаттай хэрэгжүүлж байна.
“Эрдэнэс Монгол” компанийн стратегийн шинэчлэлийн хөтөлбөрөөс хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжөөс онцолвол:
-Иргэдийг ажлын байраар хангах, ажилчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх, өндөр чадвартай олон улсад өрсөлдөхүйц Монгол мэргэжилтэнг бэлтгэх
-Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хүртээх боломжийг бүрдүүлэх
-Өөрийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах
-Том төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгжүүлэх мэргэжлийн болон бизнесийн чадавхийг бий болгох
-Улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах
-Уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох
Бизнесийн зарчмаар ажиллах эрх зүйн орчин “Эрдэнэс Монгол” ХХК-д бүрдлээ
Хувийн эзэмшлийн компаниудын адил бизнесийн талбарт эрх тэгш, Компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Хүний хөгжил сангийн тухай хуулийн холбогдох заалтуудыг Компанийн тухай хуулийн агуулга, үндсэн зарчимд нийцүүлэх, хуулиуд хоорондын уялдааг хангахаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулж 2016 оны 2 дугаар сард Улсын Их Хурал батлав.
Компанийн сайн засаглалын практикийг хэрэгжүүлэв
Компани бизнесийн зарчмын дагуу ашигтай ажиллахад тухайн компанийн засаглалын тогтолцоо суурь нь болдог. “Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн зөвлөмж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх чиглэлээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг олон улсад нээлттэйгээр зарлан явуулж байна. Үүний үр дүнд “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь мэргэшсэн болж хөгжингүй орнуудын санаачилга, туршлагад тулгуурлан компанийн стратегийн удирдлагаар хангах юм
Засгийн газрын эзэмшлийн компаниудын алдагдлыг багасгаж, ашгийг нэмэгдүүлнэ
“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулав.
Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Нэгдэл компанийн хэмжээнд ирэх 6 жилийн хугацаанд татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр нийт 3.3 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ.
Олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг нэвтрүүлснээр гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжтой боллоо
Дэлхийн 4 том аудитын компанийн нэгд тооцогддог “Эрнст энд Янг” компаниар “Эрдэнэс Монгол” болон охин компаниуддаа аудит хийлгэв. Үүний үр дүнд нэгдэл компанийн хэмжээнд олон улсын санхүүгийн тайлагналын стандартыг нэвтрүүлж нэгдсэн санхүүгийн нэг тайлантай боллоо.
Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилтыг авахад нэн тэргүүнд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага нь болдог. Тодруулбал, охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг босгох бэлтгэлийг хангав. Мөн олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэлээ тогтоолгохоор ажиллаж байна. Дунд хугацаанд компанийн нэгдсэн балансыг эрүүлжүүлж, санхүүгийн өртгийг бууруулснаар “хөрөнгө оруулалтын төвшний” зээлжих зэрэглэлтэй болно.
Оюутолгой дэлхийн хэмжээний уурхай болов
“Оюу Толгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш гурван жилийн дотор монголын хамгийн том татвар төлөгч болон төлөвшиж байна. 2015 онд Монгол Улсын аж ахуйн нэгж анх удаа монголын талд ашигтайгаар олон улсын 20 банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтыг авлаа. Уг төслийн санхүүжилтын хэлцэл нь олон улсад өндрөөр үнэлэгдэж Монгол Улсыг зорьж буй хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна.
Өнөөдрийн байдлаар “Оюу Толгой” компанид нийтдээ 7600 гаруй монгол мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд Гүний уурхайн төсөлд 1000 орчим хүн шинээр ажилд орсон байна.
Улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийг улсын тѳсѳвт төвлөрүүлэв
“Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг.
2012-2015 онд нэгдэл компанийн хэмжээнд Монгол Улсын төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр нийт 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүллээ.
Дэлхийд өрсөлдөх чадвартай Монголын компани болно
Оюутолгойн гүний уурхайн төслийн санхүүжилтыг авснаар олон улсын хөрөнгө оруулагчид, зээлдэгчид, бизнесийн хамтрагч талуудтай сайн түншлэлийг эхлүүллээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банк (АХБ), Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Канадын экспорт хөгжлийн компани (EDC), Сингапурын Темасек холдинг, Америкийн Женерал Электрик болон олон улсын баялгийн нөөцийн сангуудыг дурдаж болно.
“Эрдэнэс Монгол” компани нь олон улсын техник, санхүү, менежментийн стандартыг авч хэрэгжүүлэх нь компанийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, компанийн эдийн засгийн чадавхи, үнэлгээг өсгөх чухал ач холбогдолтой. Түүнчлэн стратегийн ордууд, боломжит төслүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авах санхүүгийн чадавхитай болно.
Н.Туяа