Э.Блинкен дайн эхэлснээс хойш анх удаа С.Лавровтой хэлэлцэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-28 11:45:13

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Орост баривчлагдсан АНУ-ын хоёр иргэнийг суллах талаар Вашингтоны дэвшүүлсэн “чухал санал”-ыг хэлэлцэхээр төлөвлөж байна.


“Оросын Гадаад хэргийн сайд Лавровтой дайн эхэлснээс хойш анх удаа ойрын өдрүүдэд ярилцана гэж бодож байна. Бид хэдэн долоо хоногийн өмнө тэднийг суллах талаар дорвитой санал хүргүүлсэн. Энэ саналтай холбогдуулан манай Засгийн газар хэд хэдэн удаа шууд холбогдсон. Энэ удаад би биечлэн энэ асуудлыг үргэлжлүүлэн ярилцана, энэ нь биднийг шийдэлд ойртуулна гэж найдаж байна" гэж Э.Блинкен Төрийн Департаментад болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн өнгөрсөн долоо хоногт Украин, Орос, Турк, НҮБ-ын байгуулсан үр тарианы экспортын тухай гэрээний асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаагаа тэмдэглэсэн байна. Украины үр тариаг Хар тэнгисийн боомтуудаар аль болох хурдан тээвэрлэнэ гэж найдаж байгаагаа тэрбээр онцлон тэмдэглэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Украины оролцоогүйгээр Украины асуудлыг ОХУ-тай хэлэлцэхгүй гэдгээ батлан хэлсэн байна. Э.Блинкений онцлон тэмдэглэснээр, Оросын экспорт 50 хувиар буурчээ. Кремль төсвийн илүүдэлтэй холбоотой мэдэгдлийг хийсэн ч Орос улс хориг арга хэмжээний улмаас орлогынхоо талыг ашиглаж чадахгүй байна гэж тэрбээр хэлсэн байна. 


Үүний зэрэгцээ “Интерфакс” агентлагийн мэдээлж буйгаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын яриа хэлэлцээний талаар Вашингтоноос Оросын талд ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. 

Связанные новости