Олборлолтын зардлаас доогуур үнийн дээд хязгаар тогтоовол Орос газрын тос нийлүүлэхгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. Олборлолтын зардлаас доогуур үнийн дээд хязгаар тогтоовол ОХУ дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлэхгүй гэж тус улсын шадар сайд Александр Новак Нэгдүгээр сувгаар мэдэгджээ.
"Хэрэв тэдний яриад байгаа үнэ газрын тосны олборлолтын зардлаас доогуур байвал Орос энэ нефтийг дэлхийн зах зээлд нийлүүлэхгүй. Энэ нь бид алдагдалтай ажиллахгүй гэсэн үг юм" гэж тэрбээр цохон хэлсэн байна.
“Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын газрын тосны үнийг хязгаарлах оролдлого хийх, мөн энэ талаар бусад орнуудтай хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа урьд нь мэдэгдсэн. Тодруулбал, Оросын газрын тосны үнэ "олон улсын түншүүдийн тохиролцсон" дээд хязгаараас давсан тохиолдолд далайгаар хийх нийлүүлэлтийг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа аж.