Төв Азийн орнуудын удирдагчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-21 10:44:24

ЧОЛПОН-АТА. /kabar/. Төв Азийн орнуудын Ерөнхийлөгч нарын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Киргизийн Чолпон-Ата хотноо (Иссык-Куль муж) болно. Удирдагчид бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж Киргизийн төрийн тэргүүний засаг захиргааны гадаад бодлогын газрын дарга Муратбек Азымбакиев дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар тайлбар хийхдээ мэдэгджээ. 


“Ерөнхийлөгч нар бүс нутгийн аюулгүй байдалд тулгарч буй сорилт, аюул заналд хамтран хариу арга хэмжээ авахад Төв Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцож, бүс нутгийн орнуудын эдийн засгийг тогтвортой өсгөхөд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ" гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Азымбакиевын хэлснээр, уулзалтын дараа Төв Азийн таван улсын удирдагчид “бүс нутгийн орнуудын найрамдал, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн” хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.


Уулзалтад Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменстан, Узбекистан улсын Ерөнхийлөгч нар оролцоно. Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев, Узбекистаны удирдагч Шавкат Мирзиёев нар долоодугаар сарын 20-нд Чолпон-Ата хотод хүрэлцэн ирсэн байна. Харин Туркменистан, Тажикстаны Ерөнхийлөгч нар болох Сердар Бердымухамедов, Эмомали Рахмон нар пүрэв гарагт ирэх төлөвтэй байна.


Төв Азийн орнуудын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны хавар Казахстанд, хоёр дахь нь 2019 онд Узбекистанд, харин гурав дахь удаагийн уулзалт 2021 онд Туркменистанд болжээ. 

Связанные новости