Их Британид инфляц 1982 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-07-20 16:16:52

ЛОНДОН. /BBC/. Зургаадугаар сард Их Британид инфляц 9.4 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв.


Тавдугаар сард энэ үзүүлэлт 9.1 хувь байсан байна. 9.4 хувь бол 1982 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Тухайн үед инфляц 10.2 хувь байсан байна. Зургаадугаар сард Их Британид хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ  0.8 хувиар, тавдугаар сард  0.7 хувиар нэмэгджээ. 


Тус улсад инфляцын дарамт нэмэгдэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөнтэй холбоотой. Зургаадугаар сард хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи, эрчим хүчний эх үүсвэрийнхээс (суурь инфляц, CPI Core) бусад үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 5.8 хувиар, өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн байна. 


Жижиглэнгийн үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 11.8 хувиар нэмэгджээ. 


Зургаадугаар сард Эстони улсын инфляц 22 хувьд хүрч, еврогийн бүсийн хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай өмнө нь мэдээлсэн. Эстонийн араас Литва (20.5 хувь), Латви (19.2 хувь) улсууд орж байна.

Связанные новости