ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн
Ерөнхий захирал Одри Азулей манай улсад энэ сарын 10-14-нд хийж буй ажлын
айлчлалынхаа хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Хустайн нурууны шим
мандлын нөөц газарт тус тус зочлов.
Ерөнхий захирал Одри Азулей, Боловсрол, шинжлэх ухааны
сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай
аймгийн Хархорин сум дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд
бүртгүүлсэн Орхоны хөндийн
соёлын дурсгалт газарт зочилж, тус газрын хадгалалт, хамгаалалт болон үйл
ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт
тулгамдаж буй бэрхшээл, үүнд нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт өв соёлын
хадгалалт хамгаалалтад хэрхэн нөлөөлж буй болон энэхүү соёлын өвөө хойч үедээ
өвлүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Хархорин
сумын нутгийн болон тус газрын хамгаалалтын захиргааны удирдлагуудтай санал
солилцов.
Түүнчлэн Хархорум, Эрдэнэ зуу музейг үзэж сонирхохын
зэрэгцээ Хархорин дахь Эрдэнэсийн хүрээ уран бичлэгийн төвөөр зочилж Соёлын
биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол бичгийн соёлтой
танилцав.
Мөн тэрбээр
энэ сарын 13-ны өдөр 2002 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн
сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нурууны шим мандлын нөөц газраар зочилж, биологийн
ховордсон төрөл зүйл, үүнд тус газарт амжилттай сэргээн нутагшуулсан зэрлэг
адуу тахийн хадгалалт хамгаалалт, аж байдалтай танилцав.
Тахийг амжилттай сэргээн нутагшуулсан энэхүү жишиг нь ЮНЕСКО дахь Шим мандлын нөөц газрууд дунд жишиг шим мандал болохыг тэрбээр онцлон тэмдэглэж, цаашид ЮНЕСКО дахь шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орны сайн жишгийг хуваалцах чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар дурдав.