Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлын бүс рүү нэвтэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Япон улс өөрийн газар нутаг гэж тооцдог Сенкаку /Дяоюйдао/ арлуудын бүс рүү өнөөдөр Хятадын эргүүлийн хоёр хөлөг онгоц нэвтэрсэн тухай "Kyodo" агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, хөлөг онгоцууд тус бүсэд байгаа Японы загас агнуурын усан онгоц руу ойртохыг оролдсон байна. Мөн тэнд Японы эргийн хамгаалалтын албаныхан иржээ. Тэд эргүүл хийж байгаа бөгөөд чанга яригчаар Хятадын хөлөг онгоцуудыг Сенкаку арлуудын бүсээс гарахыг шаардаж байгаа аж.
Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, даваа гарагт Хятадын цэргийн хөлөг онгоц Сенкаку арлуудын бүстэй залгаа бүсээр өнгөрчээ. 2018 оны зургаадугаар сараас хойш Хятадын цэргийн хөлөг онгоц анх удаа уг бүсээр өнгөрсөн байна.
2012 онд Токио хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа мэдэгдсэний дараа Сенкаку бүлэг арлыг тойрсон газар нутгийн маргаан хурцдаж, Хятадад Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөн юм. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтрэх болжээ.
Хятад, Японы хоорондын маргааны гол бай болоод байгаа Сенкаку буюу хятадаар Дяоюйдао арлууд нь Зүүн Хятадын тэнгист Тайваниас 170 километрийн зайд оршдог. Уг бүлэг арал нь хүн амьдардаггүй таван арал, гурван хадан цохионоос бүрддэг бөгөөд нийтдээ 7 километр квадрат талбайтай.