Гадаад худалдааны бараа эргэлт 7.2 тэрбум болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-22 11:41:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 5 сард 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.2 тэрбум, үүнээс экспорт 4.1 тэрбум, импорт 3.1 тэрбум ам.доллар боллоо.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (21.9 хувь) тэрбум, экспорт 760.8 (22.9 хувь) сая, импорт 535.7 (20.6 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин экспорт өмнөх сарынхаас 405.8 (46.2 хуь) сая, импорт 129.3(19.6 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 5 сард 946.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 225.1 (31.2 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Мөн энэ оны 5 дугаар сард 496.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 276.5 (2.3 дахин) сая ам.доллароор нэмэгдсэн байна. БНХАУ-тай энэ оны эхний 5 сард 4.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 61 хувийг эзэлж байв. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.9 хувийг чулуун нүүрс, 39.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.


Экспорт энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 760.8 сая ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 763.1 сая, зэсийн баяжмалын экспорт 321.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нүүрсний хилийн дундаж үнэ сүүлийн 4 сар дараалан өссөн бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй аж. Экспорт 5 дугаар сард өмнөх сарынхаас 405.8 сая ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 251.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар импортын дүнг авч үзэхэд БНХАУ 34.3, ОХУ 30.5, Япон 8.3, БНСУ 4.8, Америк 3.2, Герман 2.2 хувийг эзэлж, нийт импортын 83.4 хувийг бүрдүүлж байлаа. ОХУ-аас импортолсон барааны 57.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 68.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.2 хувийг цахилгаан эрчим хүч, 6.3 хувийг ачааны тэрэг, 88.5 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 535.7 сая ам.доллароор өсөхөд автобензин 136.6 сая, дизелийн түлш 84.5 сая, суудлын автомашин 68.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүн нийт экспортын 98.1 хувийг эзэлж байгаа бол импортын 61.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.

Связанные новости