Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Монголын 900 иргэнийг эх орондоо ирэхэд тусалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-21 14:13:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Виктор Лутенко нь 2019 онд Монгол Улсад томилогдон ирснээсээ хойш Монгол Улс, ОУШХБ хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын шилжилт хөдөлгөөний талаарх ойлголт, чадавхыг бэхжүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан. Мөн КОВИД-19 цар тахлын улмаас хилийн чанадад гацсан, санхүүгийн хүндрэлд орсон Монголын 900 иргэнийг эх оронд нь буцаахад ажилд ОУШХБ болон тус байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко үнэтэй хувь нэмэр оруулж, 3.3 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан юм.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОУШХБ-ын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежерээр ажилласан Виктор Лутенкод талархал илэрхийлж, дараагийн ажилд нь амжилт хүсэв.

Связанные новости