Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /The Guardian/. Их Британийн Консерватив намын парламентын гишүүд Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүллээ.
Даваа гарагт явуулсан нууц санал хураалтад парламентын 211 гишүүн Б.Жонсоныг дэмжсэн бол 148 гишүүн итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн байна. Энэ нь тэрбээр консервативчуудын удирдагч, тус улсын Ерөнхий сайд хэвээр үлдэнэ гэсэн үг юм.
Б.Жонсоныг албан тушаалаас огцруулах үйл явцыг эхлүүлэхэд эрх баригч Консерватив намын 359 депутатаас дор хаяж 180 хүний санал шаардлагатай байв.
Өмнө нь Консерватив намаас парламентад сонгогдсон гишүүдийн 15-аас доошгүй хувь нь буюу 54 хүн Б.Жонсонд итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлсэн захидлыг Их Британийн Нийтийн танхим дахь Консерватив намын парламентын бүлгийн дарга Грэм Брэйдид илгээжээ. Энэ тохиолдолд тус хороо намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой байдаг байна. Захидлын шалтгаан нь Ерөнхий сайд хөл хорионы үеэр Даунинг гудамжинд болсон үдэшлэгт оролцсон явдал байв.