Нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-25 15:33:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэо үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд гүйцэтгэх захирлаар Китанака Такэфүми шинээр томилогдон ажилдаа орлоо. Үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Л.Халтар тэднийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Л.Халтар буудлын өмнөх удирдлага цар тахлын хүнд үед нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг жигдрүүлэн, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Япон улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдтай уулзаж шинэ нисэх буудлыг богино хугацаанд ашиглалтад оруулах талаар ярилцсан. Энэ ажлын хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье.




Түүнчлэн нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газартай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж байна” хэмээн талархал илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал асан Като Такэо, Монгол, Японы найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн өнгөрсөн хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.



Сайд Л.Халтар “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцтэгэх захирал Китанака Такэфүмид шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсээд яамны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ олон улсын нисэх буудлын талаар олон нийтийн зүгээс Япон маягийн чанартай үйлчилгээг хүсэн хүлээж байгаа гэдгийг хэлж анхаарч ажиллахыг хүсэв.  

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэж төмөр замын бүтээн байгуулалт хийхийн зэрэгцээ аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж шинэ суурьшлын бүс, тээвэр логистикийн том төв болон хотжилт явагдах шийдвэр гарсныг танилцуулав. Китанака Такэфүми нь өмнө нь олон улсын нисэх буудал дээр ажилласан туршлагатай тул Чингис хаан нисэх буудлыг аюулгүй, тохь тухтай буудал болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Цаашид нисэх буудлыг эдийн засгийн хувьд амжилттай ажиллуулахад нислэгийн тоог нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой болохыг хэллээ. Иймд нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахын төлөө ЗТХЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Связанные новости