С.Лавров Украин дахь "ажиллагаа"-ны шинэ үе шат эхэлснийг зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-04-20 09:32:04

МОСКВА. /Anadolu/. ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагааныхаа дараагийн үе шатыг эхлүүлж байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “India Today” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

 

"Энэ ажиллагаа үргэлжлэх болно, энэ ажиллагааны дараагийн үе шат эхэлж байна" гэж Оросын сайд хэлэв.


Оросын ажиллагаа нь анх зарласанчлан “Донецк, Луганск ард улсуудыг бүрэн чөлөөлөхөд чиглэгдсэн” гэж С.Лавров мэдэгдсэн байна.


Үүний сацуу тэрбээр Украины удирдлага, Ерөнхийлөгч Владимир Зеленскийг биечлэн шүүмжилж, энх тайвныг амлаж төрийн эрхэнд гарсныг нь сануулжээ. "Зеленский Минскийн гэрээний үндсэн дээр энх тайванд хүрнэ гэж хэлсэн ч хэдэн сарын дараа гэрээг хэрэгжүүлэх боломжгүй учир хэрэгжүүлж чадахгүй гэж мэдэгдсэн" гэж С.Лавров хэлэв.


Оросын ГХ-ийн сайд мөн Украины нутаг дэвсгэрийн ялгаатай байдлыг онцлон тэмдэглэв. Тухайлбал, баруун хэсэгт нь тавдугаар сарын 9-ний өдрийг хэзээ ч тэмдэглэдэггүй бол зүүн хэсэгт нь Өрнөдөд хүндэтгэлтэй ханддаг зүтгэлтнүүдийг, "Гитлертэй хамтран ажиллаж байсан хүмүүсийг" хэзээ ч сайшааж байгаагүй гэв. “Украины нутаг дэвсгэр бол хэцүү төвөгтэй бүтэц юм. Тиймээс Украин улс зөвхөн нэгдсэн улс байж болно, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шаардсан ч гэсэн аль нэг хэсэгт нь онцгой статус олгохгүй гэж маргах нь буруу юм. Үүнийг маш сайн бодож үзээгүй гэж бодож байна" гэж сайд хэлэв.


С.Лавровын үзэж байгаагаар, хэрэв В.Зеленский Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо сонгогчдодоо амласнаа биелүүлж, хамтран ажиллаж, Минскийн гэрээг хэрэгжүүлэхийг эрмэлзсэн бол “Донбассын хямрал аль эрт шийдэгдэх байжээ”.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд шилжих шөнө Украины Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ мэдэгдсэн билээ.


Үүний дараахан Оросын арми Украинд цохилт өгсөн юм. Украины хотууд, тэр дундаа Киев хот пуужингийн цохилт, бөмбөгдөлтөд өртсөн.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хариуд нь орон даяар байлдааны бэлэн байдал тогтоосныг мэдэгдсэн. В.Зеленский мөн ОХУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм.


Кремлийн үйлдлийг НҮБ зэмлэн буруушаасан бөгөөд дэлхийн ихэнх улс орон Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ аваад байна.


Связанные новости