ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022 : Монгол Улс ямар ч нөхцөлд төсөв, худалдаагаа шинэчлэх зайлшгүй шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-07 14:59:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2022”-д оролцож буй Дэлхийн банк группийн макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстиваогоос Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгарч буй өнөөгийн байдлын талаар тодрууллаа. Тэрээр форумд хүндэт зочноор оролцон илтгэл тавьсан юм.


-Дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол зэрэг бүс нутгийн орнууд төсвийн болон худалдааны шинэчлэл хийх хэлбэрээр тулгарч буй сорилт, эрсдэлийг даван туулах боломжтойг зөвлөсөн. Төсөв болон худалдаанд ямар шинэчлэл хийх шаардлагатай байна вэ?

-Төсөв болон худалдааг шинэчлэх нь ер нь бол зайлшгүй авах ёстой үйл ажиллагаа юм. Гэхдээ яг өнөөдөр Монголд энэхүү асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Цар тахал Монголд намжиж буй ч залгуулаад Орос-Украины дайны хямрал ийм байдалд хүргэж байна. Мөн ковидын хязгаарлалт БНХАУ-д үргэлжилж, хил, гаалийн бүс хориотой байгаа нь тус улсаас эдийн засгийн салбарын дийлэнх нь хараат байдаг Монголын эдийн засагт сөргөөр тусаж байна. Гэхдээ яваа яваандаа энэ байдал шийдэгдэж сайжрах байх. Дахин хэлэхэд өмнө нь үүссэн болон одоо тулгараад буй шинэ нөхцөл байдалд ч тэр төсөв, худалдааг шинэчлэх нь зайлшгүй шийдэх асуудал болно.


-Өнөөгийн нөхцөлд эдийн засгийг нийгэмд хүртээмжтэй яаж хангах вэ?

-Юуны өмнө Монгол Улс ковидын эсрэг маш сайн арга хэмжээ авсныг дурдах хэрэгтэй. Цаг хугацааны дарааллаар хэлэхэд анхлан цар тахлыг улс орондоо нэвтрүүлэхгүй байх тал дээр хүчин чармайлт гаргаж, хязгаарлалтын дэглэмийг тухайн цаг үед нь барьж, мөн суллах арга хэмжээ авсан нь эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болж, зөв явж ирсэн. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь их өртөг, зардал гаргаж ирснийг үгүйсгэхгүй.

Хүртээмжийн тухайд Монгол Улсын төр, засаг хэрэгтэй үед нь бизнесийн салбар (хувийн сектор)-ыг санхүүгээр дэмжих, иргэдэд тэтгэмж өгөх зэргээр оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. 




Эдийн засгийг хүртээмжтэй байлгах гол арга нь эдийн засгаа болж л өгвөл байнга өсгөөд л байх хэрэгтэй. Өсөлтийг хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь чухал. Өсөлт байхгүй, эдийн засаг өөрөө сэргэхгүй, сул дорой байгаад байх юм бол хүртээмж гэж байхгүй, боломжгүй зүйл болно шүү дээ. Эдийн засгийн хүртээмж гэдэг бол экспорттой хамаатай, гадаад худалдаатай холбогдоно. Эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллах нь бусад, гадаад хүчин зүйлээс өөрсдийнхөө хамаарлыг аль болох бууруулна. Нийгэм дэх туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг яг зорилтот бүлэгтээ хүргэж хүртээх нь хамгийн чухал. 

Связанные новости