ЕХ-ны орнууд хоёр өдрийн дотор ОХУ-ын 150 орчим дипломатчийг эх орноосоо хөөн гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-06 15:41:24

РОМ. /AFP/. Итали, Испани, Дани улсууд Европын холбооны Оросын дипломатчийг хөөх ажилгаанд нэгдэн орсон бөгөөд сүүлийн 48 цагийн дотор 150 орчим дипломатчийг эх орноосоо хөөжээ.


Киевийн ойролцоох Буча хотод гарсан аллагыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс буруушаасны дараа Оросын олон дипломатчийг тагнуул хийсэн хэргээр хөөж гаргасан.


Цэргүүд нь буруутай гэсэн барууныхны буруутгалыг Москва няцааж, зураг хуурамч байсан эсвэл Оросын цэргүүд тус бүс нутгаас гарсны дараа энгийн иргэд амиа алдсан зэргээр үгүйсгэж байв.


Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт хэвлэлийнхэнд хэлэхдээ, “дипломат ажилтнуудыг олноор нь хөөж байгаа нь бодлогогүй, харалган алхам” гэжээ.


Италийн Гадаад хэргийн сайд Луиджи Ди Майо дайны нөхцөл байдалтай үед үндэсний аюулгүй байдлын үүднээс ОХУ-ын 30 дипломатчийг хөөсөн гэв.


Үүнээс хэдхэн цагийн дараа Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес ОХУ-ын 25 дипломатчийг эх орноосоо албадан гаргахаа мэдэгджээ. Тэрбээр “Буча хотод энгийн иргэдийг хоморголон утгасан тэвчихийн аргагүй дүр зургийг бид харсан. Энэ нь бидний уурыг маш ихээр хүргэж байна” гэжээ.


Мөн Швед улс ОХУ-ын 3 дипломатчийг, Дани улс 15 дипломатчийг эх орноосоо албадан гаргана гэж мэдэгдэв.


Франц улс даваа гарагт ОХУ-ын 35 дипломат ажилтныг, Герман улс 40 дипломат ажилтныг эх оронд нь буцаасан байна.


Түүнээс гадна Литва улс ОХУ-ын Элчин сайдыг хөөж байгаагаа мэдэгджээ.


Ийнхүү ОХУ Украин руу довтолсноос хойш ЕХ-ны орнууд ОХУ-ын 260 орчим дипломат ажилтныг эх орноосоо хөөгөөд байна.


ОХУ өнгөрсөн сарын 29-ний өдөр хариу арга хэмжээ авч Латва, Литва, Эстони зэрэг орны 10 дипломатчийг хөөж байгаагаа зарласан юм.   

Связанные новости