Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ.
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн төр, хувийн хэвшлийн 90 орчим байгууллагад 1047 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас зөвлөгөөнд 70 гаруй удирдах ажилтан оролцож, өнгөрсөн оны ажлуудаа дүгнэхийн зэрэгцээ цаашдын чиг хандлагаа тодорхойлохоор ийнхүү уулзалт, зөвлөгөөнөө эхлүүллээ.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг нар оролцож, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг болоод Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан хөтөлбөрүүдээс онцлон танилцуулсан юм.
Зөвлөгөөнөөр:
-Эрүүл мэндийн салбарт 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2022 онд дэвшүүлсэн зорилт
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага
-Эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт
-Эрүүл мэндийн байгууллага дахь харилцаа хандлага
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө
-Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
-Нэгдсэн эмнэлгийн 2021 оны онцлох үйл ажиллагаа, цаашдын анхаарах асуудал
-Зоонозын халдварт өвчний төлөв байдал, хариу арга хэмжээний чиглэл гэсэн сэвдүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгээр өрнөнө хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.