Энэтхэг улсад эмийн ургамал экспортлох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Энэтхэг улс руу эмийн ургамал, чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой гэж үзэж байна.
Монгол Улс БНЭУ-тай 1964 онд дипломат харилцаа тогтоон хамтран ажиллаж ирсэн. Хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Мөн эдийн засгийн харилцааг сайжруулж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд уулзалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэлэхдээ, “МХАҮТ Энэтхэгийн ЭСЯ-тай хамтран 3 дугаар сарын 25-нд Монгол-Энэтхэгийн хөрөнгө оруулалт бизнесийн форум зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын шинэ төслүүд, шинэ боломжуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Мөн худалдаа эдийн засгийн салбаруудыг танилцуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
Монгол Энэтхэгийн
бизнес зөвлөлийн гүйцэтгэх захирал В.Гантулга, “Энэтхэг улс бол дэлхийн эмийн
том зах зээл юм. Вакцины том үйлдвэрүүд нь дэлхийн зах зээлийг дангаараа
хангадаг. Эмийн том үйлдвэрлэгч учраас түүхий эд нь адил байдаг
болов уу гэтэл үгүй юм билээ. Тиймээс монгол эмийн ургамлыг хагас бэлэн
байдлаар боловсруулаад экспортлох бүрэн боломжтой. Манай бизнес зөвлөлийг
ашиглаад Энэтхэг улс руу эмийн түүхий эд нийлүүлэх сонирхолтой компаниуд байвал
бидэнтэй холбогдож болно” гэв.
Энэтхэгийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монгол Улстай хамтран ажиллах, түүхий эд худалдан авах асуудлаар ихээхэн ач холбогдол өгч олон удаагийн уулзалт зохион байгуулж байсан. Тэгвэл худалдаа эдийн засгийн энэхүү харилцааг улам бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулаад байна.