Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч арилжаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид бүртгэсэн хоёрдахь
нээлттэй хөрөнгөөр баталгаажсан “Омни актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг "MONI" үсгэн
кодтойгоор хоёрдогч зах зээлд өнөөдрөөс
арилжиж
эхэллээ.
Дээрх үнэт цаасны анхдагч
зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 2
дугаар сарын 21-24-нд авч,
захиалга хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан. Анхдагч арилжаагаар стратегийн 5 хөрөнгө
оруулагчаас 2,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 5 захиалга, олон нийт
буюу 124 хөрөнгө оруулагчаас 3,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 125
захиалгыг бүртгэж, үнэт
цаас гаргагчаас ирүүлсэн хуваарь бүхий төлөвлөгөөний дагуу захиалгыг 100
хувь биелүүлсэн юм.
СЗХ-ны даргын энэ оны 3 дугаар сарын 1-ний 1/758 тоот албан бичгээр "Омни актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд зөвшөөрлийг олгосны дагуу хоёрдогч арилжааг ийнхүү эхлүүллээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь иргэд, байгууллагад олгосон
зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж тухайн зээлийг багцлан
хөрөнгийн зах зээлд шинэ үнэт цаас болгон гаргаж буй үйл ажиллагаа юм.
Банк, санхүүгийн байгууллагын хувьд шинээр санхүүгийн эх үүсвэр татаж, шинэ зээлдэгч нарт зээл олгох, үйл ажиллагааны хөрвөх чадвараа нэмэгдүүлж сайжруулах боломж юм. Нөгөө талд, хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн хүсч буй эрсдэл, өгөөжийн түвшинд нийцэх, тогтмол хугацаанд хүүгийн орлого олох санхүүгийн хэрэгслийг сонгон хөрөнгө оруулж, өсгөх боломж юм.