Хөгжлийн банкны нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-02-25 11:34:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хөрөнгийг төвлөрүүлэх төгрөг, ам.доллар, евро, иенийн тусгай дансыг Монголбанк болон Төрийн санд нээжээ.


Одоогоор тус банкны зээлдэгчид өнгөрсөн сарын 20-ноос хойш 50 орчим тэрбум төгрөгийг төлсөн байна. Үүнийг Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын талаарх өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин мэдээлсэн юм.


Тэрбээр, “Зээлийн данс нээснээс гадна дотооддоо хэд хэдэн ажлыг хийж байгаа. Тухайлбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг шалгалт хийж байна. Ажлын багтай бид 27 удаа уулзаж, 47 мянган хуудас материал хүлээлгэн өглөө. Мөн АТГ-ынхантай 57 удаа уулзаж, 20 мянга гаруй хуудас баримт бичиг хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн 50 гаруй удаа зээлдэгч нартай уулзаж, 50 орчим тэрбум төгрөгийн зээл төлүүлээд байна” гэлээ.


Мөн тус банкнаас дотооддоо хяналт шалгалт хийж, 71 зээлдэгчийн материалын хувийн хэрэг, зээлээр хэрэгжиж буй 66 төслийн явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Дээрх хяналт шалгалтуудын үеэр эрх бүхий этгээдийн шийдвэр, нөхцөл хангаагүй байхад зээл олгосон, зээлийн гүйлгээний бичиг баримт дутуу, зээлдэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг бүрэн хөтлөөгүй, баримт бичгийн шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.


Тус банкнаас олгосон нийт 3.2 их наяд төгрөгийн зээлээ 4 ангилсан байна. Нэгдүгээрт, шүүхэд нэхэмжлэл гаргасан зээл байна. Одоогоор нийт 25 зээлдэгчийн асуудал шүүхэд шилжсэн байна.


Уг зээлээс 2-ыг нь 2013 онд, 2-ыг нь 2014 онд, 2015 онд нэг, 2017, 2018 онд тус бүр 8, 2019 онд 4-ийг нь олгожээ. Харин анхаарал хандуулах буюу хоёрдугаар ангилалд 8 зээлдэгчийн хэд хэдэн зээлийг оруулжээ. Уг 8 зээлдэгч 2014 онд 3, 2015 онд 2, 2016 онд 1, 2018 онд 1, 2019 онд 5, 2020 онд 1, 2021 онд 1 удаа зээл авсан байна. Хэвийн зээл буюу гуравдугаар ангилалд 11 зээл байгаа бөгөөд 2017 онд 2, 2018 онд 6, 2019-2021 онд тус бүр 1-ийг нь олгожээ. Үлдсэн зээл нь чанартай зээлд оржээ.


Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 3 их наяд 199 тэрбум 370 сая төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 177 тэрбум 400 сая төгрөгийн барьцаа хөрөнгө авсан байна. Гэхдээ зарим аж ахуйн нэгж “ирээдүйд бий болох хөрөнгө” барьцаалжээ. Уг хөрөнгийг хасаж тооцвол тус банкны олгосон нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байгааг банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин дурдлаа.

Связанные новости