Ази-Европын тээврийн урсгалыг Монгол Улсаар өнгөрүүлэх эрмэлзэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-23 17:36:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтар НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Газрын тээврийн холбооны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй 84 дэх удаагийн хуралд оролцож байна.

Тэрбээр сайд нарын хурлын үеэр үг хэлэхдээ, Монгол Улс Ази-Европын хооронд хийж буй тээврийн урсгалыг Монгол Улсыг дамнасан замаар өнгөрүүлэх, бүс нутгийн болон олон улсын тээврийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн холболтыг нэмэгдүүлэх, ложистикийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг мөн онцолсон байна.




Мөн Монгол Улсын Засгийн газар тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын худалдаанд оролцоход худалдаа тээврийн холболтыг сайжруулах нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрч байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгааг мэдээлэв. Энэ хүрээнд зам, тээврийн салбарт амжилттай хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурдлаа.




Цар тахлын нөлөөгөөр тээвэр, ложистикийн салбар ихээхэн хямралд өртсөн ба далайд гарцгүй орнуудын хувьд хуурай боомтуудыг хөгжүүлэх нь хямралаас гарах нэг арга зам гэдгийг тэмдэглэн хэлэв. Мөн худалдаа, тээврийг саадгүй шуурхай явуулахад хилийн боомтуудын уялдааг сайжруулж, хөнгөвчилсөн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн, аль болох илүү шаардлагаас татгалзах хэрэгтэй гэдгийг дурдсан байна. Түүнчлэн худалдаа тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгож буй тээврийн хэлэлцээрийг байгуулах үйл явцыг аль болох түргэтгэх, хил дамнасан тээврийг саадгүй шуурхай явуулахад анхаарч, улс орнууд энэ чиглэлд хамтарч ажиллахыг уриаллаа.

Связанные новости