Нууц үг ашиглахгүйгээр, картаа зайнаас уншуулж төлбөр хийх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-23 17:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк болон Мастеркарт байгууллага хамтран үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид суурилсан, нууцлал, аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан чип технологид шилжүүллээ.  


Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Карт эзэмшигчид ₮-картыг арилжааны 11 банк, карт гаргагч финтек компаниар дамжуулан авах боломжтой. М/Чип технологи нэвтрүүлснээр үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал эрс сайжирч, соронзон туузтай карт ашиглахад үүсэж байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг арилгасан. ₮ карт нь манай улсын банк, санхүүгийн салбар эдийн засагт ашиглаж буй төлбөрийн үндсэн хэрэгсэл учир төлбөр тооцооны системд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцолжээ.


Мастеркарт байгууллагын Ази Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Ари Саркер чип технологид шилжсэнийг үнэлж, “Энэ бол Монголын хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдэд ашиг тусаа өгөх дэвшил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд тэргүүлэх зорилтоо биелүүлж, цар тахлын үед хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг. Иймд мастеркарт нь үндэсний төлбөрийн системийн хөгжилд хувь нэмрээ оруулан, чип технологи нэвтрүүлж, улсын төлбөр тооцооны эко-системийг үр дүн, өгөөжтэй хөгжүүлж байгаад баяртай байна" хэмээснийг төв банк мэдээлэв.


₮ карт нь төлбөрийн картын зах зээлийн 62 хувийг эзэлдэг бөгөөд 2.6 сая карт эзэмшигч төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг. Чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурийг тавьж байна. Мөн иргэд ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр зэрэг үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр хийх боломж бүрдэж байна.


Монголбанк, мaстеркарт байгууллага “M/Чип технологийн лицензийн гэрээ”-г 2019 онд байгуулсан нь Ази, Номхон далайн бүс нутагт бэлэн мөнгөний хэрэглээгүй эдийн засаг бий болгоход чухал үүүрэг гүйцэтгэжээ. Энэ хамтын ажиллагааны дүнд Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Сингапурт хэрэгжүүлсэн “ухаалаг хот”, “санхүүгийн хүртээмж хурдасгах, дижиталжуулах” гэх мэт шинэлэг технологийг Монголд нэвтрүүлэх суурийг тавьж байгаа аж. 

Связанные новости