Импортын барааны үнэ 1.5 нэгж хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-16 18:30:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляц энэ оны эхний сард улсын хэмжээнд 14.6 хувь болов. Энэ нь өмнөх сараас 2 хувиар өссөн үзүүлэлт. Инфляцийн өсөлтийн 45 гаруй хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шууд шалтгаалж байгааг эдийн засагч Г.Батзориг өнөөдөр мэдээллээ. Инфляцийг тодорхойлдог хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт, хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдаг. Үүний 200-г нь импортын бараа эзэлж буй. Энэ үүднээс импортын тогтворгүй байдал инфляцийн өсөлтийн 45 хувийг эзэлж байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар нэмэгджээ.


Импортын барааны үнэ нэмэгдсэн нь инфляцийн өсөлтийн 45 хувийг эзэлжээ.




“Мандал” санхүүгийн нэгдлийн эдийн засагч Г.Батзориг инфляцийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин дахь нөлөөллийн талаар танилцуулахдаа, “Инфляцид гадаад, дотоод валютын ханш ихээхээн нөлөөлдөг. Ялангуяа манайх шиг импортоос хамааралтай улсад шууд нөлөөлж байна” гэв. Инфляц нь дотроо:

  • Шинэ бүтээгдэхүүний,
  • Худалдан авалтын,
  • Борлуулалтын гэсэн өөр өөрийн онцлог бүхий төрлийн нөлөөлөлтэй байдаг.

Жишээ нь, “Приус” машин, амны хаалт зэрэг нь хэрэглээний сагсад өмнө нь байгаагүй, шинэ хэрэглээ бүхий бүтээгдэхүүнүүд орж ирж, үнэд нөлөөлж буй. Гаднаас хамаарах шатахууны үнийг эс тооцвол бусад, дотоодоос шалтгаалсан мах, хүнсний ногоо зэрэг бараа бүтээгдэхүүний үнийг зуучлагчгүйгээр бөөний худалдаа хийх зэргээр зохицуулах боломжтойг тэрээр хэлж байв. 




Инфляц өнгөрсөн оны 9 дүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, нийслэлд 9.9 хувь байсан бол 10 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувьтай, нийслэлд 9.1 хувь тус тус байв. ҮСХ маргааш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны 1 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах гэж байна. Энэ үеэр инфляци, ДНБ зэрэг үзүүлэлтийг дэлгэрэнгүй мэдээлэх юм. 


Связанные новости