Ж.Золзаяа: UBX платформ нь хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвараар ялгарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ААН, компаниуд хувьцаа, бонд гаргах, үнэт цаасны шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрэх зэргээр хөрөнгийн зах зээл өргөжин хөгжиж идэвхжиж байна. Үүнтэй зэрэгцэн хувийн бирж байгуулагдан ажиллаж байна. Энэ нь анх “Монголын Үнэт цаасны бирж” нэрээр гарч ирсэн “Улаанбаатар үнэт цаасны бирж” бөгөөд хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Шанхай, Лондон, Торонто, Хонконг, Нью-Йорк гэсэн дэлхийн томоохон хотууд өөрсдийн нэрээр алдаршсан олон улсын хөрөнгийн биржтэй. Үүний нэгэн адил манай улсын нийслэл өөрийн гэсэн үнэт цаасны биржтэй болж, хөрөнгийн зах зээлд шинэ тоглогч, платформтой болох зорилго тээн, үнэт цаасны зах зээлд шинэ менежмент хэрэгжүүлэн гарч ирж байгааг “Улаанбаатар Үнэт цаасны бирж”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золзаяа тодотгож байна.
2017 онд анхны компани IPO хийж биржид бүртгүүлж байсан бол 2018-2021 онд компанийн бондын
арилжаа явуулжээ. Өнгөрсөн оны байдлаар тус бирж нийт үнэт цаасны 19 гишүүн компани, 5 тооцооны
гишүүн, 2 зах зээл үүсгэгчтэй болж,
улмаар арилжаа,
тооцооны нэгдсэн, мэргэжлийн оролцогч
нарт
нээлттэй UBX платформыг ажиллуулж буйг сэтгүүлчдэд
танилцууллаа.
“Улаанбаатар үнэт цаасны бирж”-ийн Монголын Хөрөнгийн биржээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?” гэсэн асуултад гүйцэтгэх захирал Ж.Золзаяа, “Манайхаас үзүүлж буй үйлчилгээ, хөрөнгийн зах зээл гаргаж ирэх шинэлэг бүтэгдэхүүн, үнэт цаас гаргагч нараараа ялгарна” гэв. Тэрээр тус бирж арилжаагаа урт цагаар хийх, шалгуур хангасан үнэт цаас гаргах зэргээр компаниудад хөгжих боломжийг нээж олгох, үйл ажиллагааны хөрвөх чадвараар онцлог байхаар ажиллана гэдгийг тодотгож байна.
“Улаанбаатар үнэт цаасны бирж” өнгөрсөн оны сүүлээс UBX платформ нээн ажиллуулж байна. Энэ нь дэд бүтцийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын системтэй шууд холбогдох боломжтой, үнэт цаасны уян хатан, цогц систем гэдгээрээ хөрөнгийн зах зээлд шинэ боломжийг нээж байна гэв. Одоогоор UBX платформ нь үнэт цаасны “Ард секюритиз” компанийн (Ард Апп)-тай холболт хийжээ. Улмаар үнэт цаасны компаниудыг харилцагч нартаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломжуудыг нээж өгөх үүднээс өөрсдийн арилжааны системээ холбохыг урьж байна.