“Нормандын дөрвөл”-ийн улс төрийн зөвлөхүүдийн хэлэлцээ ахиц дэвшил авчирсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН. /DW/. Хоёрдугаар сарын 11-ний баасан гаргийн шөнө Берлинд дууссан “Нормандын дөрвөл“-ийн удирдагчдын улс төрийн зөвлөхүүдийн уулзалт Орос, Украины хилийн байдал хурцадмал хэвээр байгаа энэ үед Донбассын асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил авчирч чадсангүй гэж Герман, Францын дипломат хүрээн дэх эх сурвалж мэдээлжээ.
“Нормандын дөрвөл” гэгддэг Герман, Франц, ОХУ, Украины төлөөлөгчид оролцсон уулзалт есөн цаг гаруй үргэлжилжээ. “Энэ удаагийн хэлэлцээ мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар өөр өөр байр суурьтай, янз бүрийн хувилбаруудыг дэвшүүлсэн амаргүй хэлэлцээ болсон” гэж эх сурвалж “Reuters” болон “DPA” агентлагт ярьсан байна.
Гэхдээ талууд 2014 онд байгуулсан Минскийн гэрээг дагаж баримтлах шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. Хэлэлцээнд оролцогчид энэхүү гэрээг “бүрэн дүүрэн” хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэж эх сурвалж онцлон тэмдэглэжээ.
Донбассын асуудлаарх гурван талын холбоо тогтоох бүлэг үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой
Хэлэлцээнд оролцогчид хамтарсан мэдэгдлийн талаар тохиролцож чадаагүй ч "Гурван талын холбоо тогтоох бүлгийн ажлыг идэвхжүүлэх, саад тотгорыг арилгахыг бүгд дэмжсэн" гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак мэдэгдсэн байна.
“Нормандын формат”-ын бүх оролцогчид Гурван талын холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааг үр дүнтэй болгох сонирхолтой байна. Харамсалтай нь уг бүлэг сүүлийн үед ямар нэг шийдвэр гаргаагүй" гэж Ермак цохон тэмдэглэжээ. Гурван талын холбоо тогтоох бүлгийн дараагийн хурал гуравдугаар сарын 2-нд болох ёстой байна. Тэрбээр мөн “Нормандын дөрвөл”-ийн дараагийн уулзалт “тун удахгүй” болно гэдгийг нэмж дурджээ.
Гурван талын холбоо тогтоох бүлэг буюу Зүүн Украины байдлыг тайван замаар зохицуулах холбоо тогтоох бүлэг нь Украин, ЕАБХАБ, ОХУ-ын тусгай эрхт төлөөлөгчдийн бүлэг юм. Энэхүү бүлгийг Украины зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөнд оролцогч талууд хамтран ажиллахад шаардагдах үйл ажиллагааны асуудлууд, тэр дундаа “Нормандын дөрвөл” буюу Герман, Франц, Орос, Украины гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн хувиар 2014 оны зун байгуулсан билээ.
Козак: Дөрвөн талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудлыг хөндөөгүй
Хэлэлцээнд ОХУ-ыг төлөөлөн оролцсон тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Дмитрий Козакийн мэдээлснээр, Берлинд болсон уулзалтад оролцогчид дөрвөн улсын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцээгүй байна.
Берлинд болсон уулзалтын үеэр улс төрийн зөвлөхүүдийн дараагийн уулзалтыг ч мөн тохироогүй байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Холбоо тогтоох бүлгийн хурлыг хүлээж, ямархуу болж өнгөрөхийг харах шаардлагатай гэж Дмитрий Козак хэлжээ.
“Нормандын формат”-ын энэ оны эхний уулзалт нэгдүгээр сарын 26-нд Парист болж, уулзалтын дараа сүүлийн хоёр жилд анх удаа хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Донбасст болзолгүйгээр гал зогсоохыг дэмжиж байгаагаа талууд илэрхийлсэн байна.