Зочид буудлын салбарын орлого 14.1 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-09 10:46:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зочид буудлын салбарын орлого 2021 оны эхний 11 сард 188.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 23.2 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар нэмэгдэж, бодит өсөлт нь 6.8 хувь байна.


Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 14.5 (13.8 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 8.8 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.


Зочид буудлын салбарын орлого 2021 оны 10 дугаар сард 29 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 5.9 (25.8 хувь) сая төгрөгөөр нэмэгдэж, харин 11 дүгээр сард 27.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.4 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 2.3 (11.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Зочид буудлын салбарын 2021 оны эхний 11 сарын орлогын 63.6 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 34.5 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.8 хувийг 2 одтой зочид буудлын орлого эзэлжээ.

Связанные новости