Ноолуур хямдарч, үхрийн ширний үнэ нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр, өнгөрсөн 12 дугаар сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 мянга, хязаалан гунынх 1.3 сая, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 900 төгрөгөөр нэмэгджээ.
Эр хонины үнэ 207.9 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 800, эр ямааны үнэ 150.6 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.3 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Эр хонины үнэ 12 дугаар сард нийслэлд хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, Дорнод аймагт хамгийн бага буюу 170.8 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 10.1 мянган төгрөгөөр нэмэгдэв.
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр, 12 дугаар сард боодолтой өвсний (20 кг) үнэ Архангай аймагт хамгийн их буюу 15 мянга, Сэлэнгэ, Дорнод аймагт хамгийн бага буюу 3.5 мянган төгрөг байлаа. Хивэгний (25 кг) үнэ мөн сард Хэнтий аймагт хамгийн их буюу 26 мянга, Орхон аймагт хамгийн бага буюу 18 мянган төгрөг байв.
Үхрийн 2 метрээс дээш урттай шир өнгөрсөн сард 8.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол, ямааны цагаан ноолуур 1 кг нь 99.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 800 төгрөгөөр багасжээ.