Гар ариутгагчийн үйлдвэрлэл нэмэгдэж, амны хаалтных буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Статистик мэдээллээр, манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн дүн өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 883.8 тэрбум төгрөгөөр, уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэл 692.8 тэрбум төгрөгөөр ихэссэн нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 168.9
тэрбум төгрөгөөр, мөн ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах
болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбар 39 тэрбум төгрөгөөр өсөж, ашигтай
ажиллажээ.
Уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлд зэсийн баяжмал, хүрэн нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 3.9-13.7 хувиар, боловсруулах салбарын үйлдвэрлэлд гар ариутгагч, малын мах, катодын зэс, ус, ундаа, жүүс, цемент, согтууруулах ундаа, боловсруулах шингэн сүү, нүүрсэн шахмал түлш, баяжуулсан нүүрс, шохой, янжуур тамхи, металл бэлдэц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл 0.2-2.3 дахин ихэсжээ.
Харин уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлд төмрийн хүдэр, алт, хайлуур жонш, чулуун нүүрсний олборлолт 0.6-37.4 хувиар, боловсруулах салбарын үйлдвэрлэлд самнасан ноолуур, гурил, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9-61.5 хувиар багасжээ.