Худалдааныхны саналыг Засгийн газарт хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-05 15:17:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад жижиглэн худалдааг зохицуулсан хууль байхгүй. Энэ төрлийн үйлчилгээг MNS 5021-1 : 2019 стандарт (Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. ерөнхий шаардлага)-аар зохицуулж ирсэн.


Уг стандартын дагуу жижиглэн худалдааны газрын хүчин чадлыг худалдааны талбайн хэмжээнээс хамаарч 8 төрлөөр ангилж байгаа. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим дэлгүүрийн хувьд зөрчилтэй байгаа аж.

Тиймээс өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагатай нийцүүлэн стандартаа зарим талаар шинэчлэх шаардлагатай байгааг худалдааны салбарынхан хэлж байна. Энэ талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлөөс өнөөдөр худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар хэлэлцлээ.




Худалдаа, үйлчилгээний салбарт төрийн хяналт, шалгалтыг бууруулахтай холбоотойгоор шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, дүрэм, журам, стандартын талаар ярилцаж, санал боловсруулан Засгийн газар хүргүүлэхээр болов. Уулзалтад оролцогчид Тохирлын гэрчилгээ, Лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ авахаар материалаа бүрдүүлж өгөөд, баталгаажуулалтын зөвлөл болон үнэлгээний ажлын хэсгийн хурлыг хэдэн сараар хүлээх тохиолдол гардаг талаар хэлж байв. Импортолж буй бараа, бүтээгдэхүүний шошгын орчуулгыг хил дээр шаарддаг, импортоор оруулж ирсний дараа бус заавал хилийн цаана шошгоо наах шаардлага тавьж байгаа нь хүндрэлтэй байна гэлээ.



Худалдаа, үйлчилгээний салбарын хувьд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийг хохиролгүй болгох дотоод зохицуулалтыг бий болгож эхэлсэн. Хэрэглэгч тухайн байгууллагаас гадна ШӨХТГ-т гомдлоо мэдэгддэг, хохирлоо барагдуулдаг ч холбогдох төрийн байгууллагад гаргасан гомдол эргэх холбоогүй байна. МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээний салбарын саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх юм.

 

 

 

Связанные новости