Өөхөн тос боловсруулж экспортын бүтээгдэхүүн гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-05 12:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “Хотол констракшн” компани малын өөх, тосыг дахин боловсруулж саван, хүнсний тос зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 


Тус компанийн захирал Ц.Дагвадорж хэлэхдээ, “Малын өөх, тосоо дахин боловсруулж, дотоодын савангийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Улмаар өөхнөөс тос ялган авч түүхий эд болгон экспортолж болно. Энэ чиглэлээр манай компани үйл ажиллагаа явуулж байна” гэв. Тус компани 2019 онд үйлдвэрээ ашиглалтад оруулж, малын хаягдал өөх, тосыг дахин боловсруулж байна. Эднийх жилдээ 6 мянган тонн савангийн түүхий эд бэлтгэн нийлүүлж иржээ. Дотооддоо савангаар хангаад зогсохгүй, гадаадын зах зээлд гаргахаар ажиллаж байна.




Энэ талаар Ц.Дагвадорж, “Бидний хэрэглээнээс илүү гарч, хаяж байгаа зүйлийг боловсруулаад экспортод гаргахыг зорьж байна. Өөхөн тос нь олон бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох боломжтой” гэв. 1 кг өөхнөөс 70 хувийн тос гарч, үлдсэн 30 хувь нь шимэлдэг буюу ялгарсан хальс байдаг. Энэ нь хаягддаггүй, гахайн ферм зэрэгт дахиад хэрэглэж болох түүхий эд болдог. Ингэснээр өөхөн тосыг 100 хувь ашиглаж болно гэдгийг хэлж байна. Эднийх түүхий эдээ нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” болон нийслэлийн хүнсний “Дэнжийн мянга” зах болон зарим аймаг, орон нутаг, Налайх зэрэг төв суурин газрын зах, мал нядалгааны газруудаас авч байна.


Өөхөн тос нь олон бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болж байна.




Эднийх хонины сэмжний өөх зэрэг түүхий эдийг бүрэн боловсруулж тос гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн нь түүхий эд өөхний үнэ кг нь 350 төгрөг болжээ. Адууны уушги, чөмөг зэрэг түүхий эдийг БНХАУ зэрэг гадаад орнуудынх шиг боловсруулж чадвал манай улсад асар их түүхий эд баялаг бэлэн байна. Өөхөн тосны хувьд автомашины тос, тосол үйлдвэрлэх, өөхний шимэлдгийг ялган авч тэжээвэр амьтдын хоол болгон боловсруулах боломжтой аж. БНХАУ-ын ӨМӨЗО-нд хонь, хонины мах үнэтэй байдаг нь нэг талаар малын түүхий эдийг бүрэн ашиглаж, боловсруулж, ашиг шимийг нь авч буйтай холбоотойг тэрээр дурдаж байлаа.


 

 

Связанные новости