АНУ, Украины Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-03 11:16:20

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа тус улсын хил орчмын байдал дордсон тохиолдолд Вашингтон болон түүний холбоотнууд "шийдэмгий хариу арга хэмжээ" авахад бэлэн байгааг мэдэгдлээ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлжээ.


“Хэрэв ОХУ Украин руу довтолбол АНУ, болон түүний холбоотнууд, түншүүд эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг Ерөнхийлөгч Байден тодорхой хэлсэн” гэж Псаки онцлон тэмдэглэсэн байна.


Түүнчлэн хоёр орны удирдагчид НАТО болон ЕАБХАБ-ын шугамаар ОХУ-тай удахгүй хийх хэлэлцээний хүрээнд гаргах дипломат хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлсэн байна. Үүнээс гадна, Байден Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Вашингтоны амлалт хэвээр байгааг Зеленскийд дахин нотолжээ.


“Тэрбээр мөн Донбассын хурцадмал байдлыг намжаах зорилгоор илтгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ болон Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийг урагшлуулахад чиглэсэн идэвхтэй дипломат үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.


Америкийн удирдагчтай утсаар ярихдаа Украины дотоод хэргийн талаар хэлэлцсэн гэж Владимир Зеленский твиттер хуудсандаа мэдэгджээ.   


“Энэ оны анхны олон улсын яриа хэлэлцээг АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн нь бидний харилцаа онцгой болохыг нотолж байна. Бид Европт энх тайвныг хадгалах, хурцадмал байдлыг цаашид даамжруулахгүй байх, шинэчлэл болон олигархижихаас ангижрах талаар явуулах Украин, АНУ болон түншүүдийн хамтарсан үйл ажиллагааг хэлэлцлээ. Украин улсыг тууштай дэмжиж байгааг үнэлж байна” гэж тэрбээр бичсэн байна.


Связанные новости