“Талын Монгол” бүтээгдэхүүнийг БНХАУ, Япон, Казахстанд экспортлохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-30 14:02:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Талын Монгол” брэндийг бүтээгч “Грийн групп” компани МҮХАҮТ-аас шалгаруулдаг оны шилдэг 100 ААН-ийн нэгээр тодорлоо. Тодруулбал, тус компани оны онцлох ААН-үүдийн шилдэг 10 компанид энэ онд шинээр орж ирсэн. Тус компанийн ололт амжилт, үйл ажиллагааны талаар Бизнес хөгжүүлэлтийн газрын захирал Б.Эрболдоос тодруулав.




-ТОП-10 компанид шалгарсан амжилт, өнгөрч буй онд хийсэн ажлынхаа талаар тодруулна уу?

-Энэ он манай компанийн хувьд их бүтээн байгуулалтын жил байлаа. Манайх 2000 орчим бэлтгэн нийлүүлэгч нартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ хөгжүүлж ирлээ. Үүний цаана цар тахлын хүнд нөхцөлд маш олон хүний ажил, амьдрал эдийн засгийн байнгын эргэлтэд орох боломж бүрдсэн гэж үзэж байгаа.

Нөгөө талаар бид бэлтгэн нийлүүлэгч нараасаа чанар сайтай түүхий эд материал, үйлчилгээг ханган нийлүүлж авлаа. Ингэснээр хамгийн чанартай бүтээгдэхүүн гаргах боломж бүрдсэн. Жишээ нь, бид махыг хамгийн эрүүл малтай Дорнод аймгийн бүсээс ханган нийлүүлж байна. Бидний ололт амжилт нь оролцогч тал бүрийн оролцоо, хамтын ажиллагааны үр дүн юм.




Энэ жил мөн манайх 5 орчим тэрбум төгрөгийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээгдэхүүний судалгаа шинжилгээний ажилдаа зарцуулж шингээж өглөө. Ингэснээр эцсийн хэрэглэгч нарт очиж буй бараа, бүтээгдэхүүнийнхээ чанарыг илүү сайжруулах, стандартыг хангах нөхцөл бүрдэж бүтээгдэхүүндээ шингээж өгсөн. Манайх бүх үйлдвэр, бүтээгдэхүүн бүрд олон улсын ISO стандартыг нэвтрүүлж, хангасан. Энэ онд “Грийн фактори үйлдвэр ISO 22000 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ жил мөн 200 орчим ажлын байр бий болгож ирлээ. “Талын Монгол” брэндийн зөгийн бал, цэвэр махан зайдас зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.


-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хаанаас гаргав?

-Хөрөнгө оруултыг дотоодоос шийдэн өөрийн хөрөнгөөс гаргасан.


-Үндэсний брэнд бүтээгдэхүүнээ хөгжүүлэн дотооддоо нийлүүлэхээс гадна гадаадад гаргаж байгаа гэсэн. Аль улс руу ямар бүтээгдэхүүн экспортолж байна?

-“Лапша” брэндийн гоймонг БНХАУ, Япон, Казахстан зэрэг орон руу гаргаж байна. Энэ жил БНХАУ-аас гоймон авах захиалга ирсэн. Жилд 30 мянган тонн буюу манай улсад гаргаж буй 18 мянган тонноос 2 дахин ихийг үйлдвэрлэх шаардлага гарч ирж байгаа. Манайх экспортоо нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрүүдээ өргөтгөж, шинээр барьж байна. Ирж буй оны гол ажил, бүтээн байгуулалт эх орныхоо цэвэр бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлан гаргахад төвлөрч байна. Энэ хэрээр бүтээгдэхүүний чанар, стандарт, борлуулалтын маркетингаа улам сайжруулан ажиллах зорилт тавиад байна. Мах бэлтгэн нийлүүлэгч нартаа 1 хувийн хүүтэй зээл олгон дэмжин ажиллана гэв.


 

Связанные новости